Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сангийн програм хангамжийн туршилтын нэвтрүүлэлтийг Дундговь аймгийн ГХБХБГ-т хийлээ.

2019-08-26

       Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Газрын  харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ лавлагааны цахим, систем байгуулах” ажлыг ГЗБГЗЗГ 2018 оноос эхлүүлээд байгаа бөгөөд уг системийг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

    Энэхүү гэрээт ажлын хүрээнд “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сангийн програм хангамжийн туршилтын хувилбарыг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Нийслэл болон Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус нэвтрүүлэх тухай” Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 8 сарын 15-ны өдрийн А/164 дугаар тушаал гарсантай холбогдуулан Дундговь аймгийн ГХБХБГ-т туршилтын нэвтрүүлэлт, сургалтыг 2019 оны 8-р сарын 20-22-ний өдрүүдэд гэрээт ажлын гүйцэтгэгч Газар дэлхий ХХК-тай хамтран зохион байгууллаа.

    Сургалтын хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сангийн веб болон десктоп /QGIS/ програм хангамжийг ашиглан төлөвлөлтийн зурган мэдээлэл боловсруулах, бусад шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний давхаргууд болон кадастрын мэдээллийн сантай давхцуулан шалгах, уялдуулах, төлөвлөгөөний төслийн тайлан, зураг гаргах, цахим архив үүсгэх зэрэг Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулах үе шат бүрээр сургалт, туршилт хийлээ.

       Уг сургалтад Дундговь аймгийн ГХБХБГ-ийн мэргэжилтнүүд болон сумын Газрын даамлууд нийлсэн 16 хүн хамрагдсан бөгөөд сургалтын явцад сургалтад оролцогчдийн зүгээс болон Дундговь аймгийн ГХБХБГ-аас програм хангамжийг сайжруулах, өөрчлөх талаар цөөнгүй санал дэвшүүлж туршилтын нэвтрүүлэлт, сургалтыг зохион байгуулахад идэвх, зүтгэл гарган оролцлоо.

Цаашид “Газрын  харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ лавлагааны цахим, систем байгуулах” ажлын хүрээнд нийт 21 аймаг, нийслэлийг хамруулсан бүсчилсэн сургалтыг 2019 оны 10-11 сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР