Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас хэрэгжүүлж байгаа “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө (ҮХЦТ)” боловсруулах төслийн удирдлага болон багийн мэргэжилтэнгүүдийг хүлээн авч уулзлаа

2019-08-23

    Барилга, хот байгуулалтын яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) болон Үндэсний хөгжлийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө (ҮХЦТ)” боловсруулах төслийн удирдлага, багийн мэргэжилтэнгүүд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтэнгүүдтэй 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр уулзалт хийлээ.

    “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө (ҮХЦТ)” боловсруулах төслийн зорилго нь хот, хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулах, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг дэмжих замаар хот суурин газарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ) 2030-ыг хангах юм. Уг төсөл нь төв Азийн бүс нутгийн хүрээнд Монгол Улсын эзлэх байр суурийг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг НҮБ болон ТХҮБ 2030-тай нийцүүлэх болон бүсчилсэн хөгжлийн үндэслэл, шаардлагыг хангах ач холбогдолтой юм.

    Уулзалтын үеэр Газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 384 тоот тогтоолоор батлагдан мөрдөгдөж байгаа Улсын Газар Зохион Байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний бүтэц, агуулгын талаар ярилцаж, хэрхэн шинэчилж, сайжруулах болон төслийн үр дүнг оновчтой болгох талаар санал солилцлоо.

   Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зүгээс шаардлагатай мэдээлэл, өгөгдлөөр ханган цаашид хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР